Мэдээ

Амьдралын түүхээрээ бусдыг алмайруулсан Б.Даваасүрэн тэргэнцэртэй сэлэмний улсын аварга боллоо

Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны улсын аварга шалгаруулах анхны тэмцээн болж анхны аваргууд тодорлоо. Саяхан цахим ертөнөд өөрийн амьдралын гайхам бас хүний санаанд багтамгүй түүхээрээ олонд танигдаж бусдыг тэсвэр тэвчээрээрээ гайхуулсан Даваасүрэн өөрийн мөрөөдөл, зорилгоо биелүүлж тэргэнцэртэй сэлэмийн спортоор улсын аварга болсон байна. Түүний Чойронгоо хуудсанд өгсөн амьдралын түүхийг та бүхэндээ хүргэж байна.

Аав яг ямар учиртай тэгээд байдаг байсныг мэдэхгүй. Ямар ч байсан ээжийг алчихвал л болчих гээд байгаа юм шиг аашилдаг байсан. Нэг удаа хутга аваад шууд ээж рүү дүрэх гээд дайрахаар нь ээж бултаад ээжийн дээлнийх нь товч задраад үлдснийг нь санадаг.

Бас нэг удаа аав ээжийг хадан хясаан дээрээс түлхсэн. Харин ээж унаж байхдаа бутны мөчрөөс барьж авч тогтож үлдсэн дээ. Аав архи их ууна. Зөвхөн ээжийг биш бүгдийг нь зодно. Би доороо 2 охин дүүтэй. Хоёр дүүгийн маань үсийг хооронд нь холбож байгаад зодно. Ээжийг сөхрүүлж унагааж байгаад зодно. Намайг нэг удаа Орос суран тэлээний аралыг бутарч унатал зодож байсан.

May be an image of 1 person, sitting and outdoors

Би хар нялхаасаа л цус нөжтэйгөө хутгалдтал аавд зодуулж өсөв. Цагаан сарын шинийн нэгний орой байсан юм. Бид гурвыг толгойгоор шал тулуулаад, нуруун дээр гарнуудыг маань ардаа авахуулж өвдөглүүлж суулгаж байгаад зодсон. Удаан тийм байрлалтай байсан чинь толгой руу цус юүлэгдээд л. Тэгж байснаа ээжийг шууд зуухны тагаар цохиод авсан. Ёстой аймар.

Тэр өдрийн зодуур огт санаанаас гардаггүй юм. Сүүлдээ би тэсэхээ байгаад цагдаад дуудлага өгөөд аавыг бариуллаа. Цагдаа нар ирээд аавыг гавлаад аваад явахыг нь би хашааныхаа завсраар харж байхдаа, “Хохь чинь чи муу, ингээд цагдаагийн газар очоорой” гэж амандаа хэлж байсан.

Гэхдээ аав 2 хоногийн дараа буцаад л гараад ирсэн. Манайх Дэнжийн 1000-д хашаатай, хашаандаа гэртэй байсан ч аавд хөөгдөөд ээж бид 4 хар шөнөөр ээжийн ахынх руу 11-р хороололд бүгдээрээ очиж тэндээ хэсэг байлаа. Аав тэр хавиараа архиа уусан хэвээрээ. Сураг сонссон чинь аав бүхэл бүтэн хашаатай гэрээ зуухан мянган төгрөгөнд зарчихсан байв. Тэгээд л бид 4 очих газаргүй, орон гэргүй хүмүүс болж хувирав. Толгой хоргодохын тулд ээж 11-р хороололдоо орцны жижүүр хийхээр боллоо. Орцондоо амьдраад, цалингаа ч хураачихна. Ээж сална гэдгээрээ ааваас яг л салсан. Би ээжийгээ маш их хүндэлнэ. Өөдөөс нь нэг ч удаа үгийг нь сөрж хэрэлдэхгүй. Тэр үед би хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан юм. Хичээлээ тараад бэлтгэлээ хийчихээд орой нь ирээд ээждээ тусалж дүү нартайгаа гараад л хамтдаа орцныхоо шалыг бүгдийг нь сайхан угаачихна. Бид чинь 4үүлээ тэр орцны умгар өрөөнд амьдарч байгаа шүү дээ.

Шалаа угааж дуусчихаад би нэг дүүтэйгээ хамт оройны 8-аас 10н цаг хүртэл шил сав түүх гээд шуудайгаа үүрээд гарна. Маргаашийнхаа талх боорцогны мөнгийг дүү бид 2 тэгж олдог байлаа. Хүүхэд болохоор бид 2 автобусанд ч үнэгүй явна. Би 13тай, доод талын дүү маань 12той, хамгийн бага дүү маань 10тай л байсан юм. Ээжийнхээ төрсөн өдрөөр набор авч өгөх гээд газраас төмөр ухаж байгаад орон гэргүй хүүхдүүдийг олдог хүмүүст баригдаж нэг сайн уйлснаасаа хойш төмөр тушааж мөнгө олдог кареер минь дуусав. Мөрөөрөө зөвхөн шил саваа л түүдэг болсон. Тэгж байгаад зурагтын мэдээ, машины үнэртүүлэгч бас хэсэг зарах гэж үзлээ. Үнэхээр зарагдахгүй өдрүүд бас байна шдээ. Уг нь нэг зурагтын мэдээг 150 төгрөгөөр аваад 500-аар зардаг байсан юм. Тэгэхээр нь би хоёрыг 300-аар зарчихсан. Тэртээ тэргүй зарагдахгүй тэгээд орой 9 өнгөрч байсан болохоор. Тэгсэн мэдээ зардаг өөр 2 хүүхэд миний ардаас намайг зодох гээд элдээд хөөчихсөн. “Бид нар 500-аар зарж байхад яахаараа чи 300-аар зардаг юм. Үнэ унагалаа” гээд. Тэгээд л би бас наймааныхаа замналаа дуусгасан. Ээж ч удалгүй жижүүр хийхээ больж манайх гэдэг айл буцаад Дэнжийн 1000-даа амьдардаг болов.

3н жилийн дотор мөнгөө цуглуулаад гэр авах хэмжээний болчихсон. Дээр нь ээж маань хойд аавтай учирчихсан байсан үе. Хойд аав маань цахилгаанчин хүн. Аав халтуурны ажил олоод хийхээр би дагаад л явна. Жижиг сажиг юманд нь туслаж, багажийг нь дөхүүлж өгнө. Тэгээд хэдэн төгрөг олчихно. Өөрийгөө хувцаслачихна. Ээжээсээ ердөө мөнгө авахгүй. Би гэхдээ нэлээн зодоон хийдэг хүүхэд. Голцуу дүү нараа өмөөрч банди нартай зодолдоно. Доод талын дүү маань надтай нэг ангид сурдаг байсан юм. Байсхийгээд л гэртээ уйлаад ороод ирнэ. Яасан юм гэхээр тэр намайг тэгсэн гэхээр нь би шууд гарч яваад зодолдоно. Найзуудыгаа бас өмөөрч зодолдоно. Би уг нь ямар үед биеэ барих вэ гэдгээ маш сайн мэднэ. Гэхдээ тэвчээрийг минь алдартал дургүй хүргэх юм бол хэдэн хүн ч байсан хамаагүй шууд зодолдчихдог байлаа. Нэг өдөр би бөхийн секцэн дээр найзыг маань дээрэлхсэн хүүхдийг зодох гээд очсон чинь яг сонгон шалгаруулалтынх нь өдөр байж таарав. Намайг нэг багш барилдаад үзээч гэхээр нь барилдаан гэж мэдэхгүй ч гэсэн барилдсан чинь өрсөлдөгчөө шууд унагаачихлаа. Тэр нь цэвэр унагаалт байсан юм гэнэ. Тэгээд л санамсаргүй тохиолдлоор би жудогийн спорт руу яваад орчихлоо. Тэрнээс хойш би жудод ёстой дурлатлаа барилдсан. Надад тамхи архи, писи тоглоом, гадуур тэнэлт юу ч сонин байгаагүй. Зөвхөн бэлтгэлээ л хийх гоё. Нэг өдөр бэлтгэлээ тараад ирсэн чинь нөгөө ангийн охин манайд байж байна. Дүүтэй минь найзууд байсан юм. Их гоё зурдаг охин. Бас манай сургуулийн онц сурлагатан. Дүүд маань ханын сонин хийхэд нь туслах гээд ирсэн нь тэр байлаа. Надад их таалагддаг байсан юм шиг байгаа юм. Би утсыг нь авч зугтаагаад хэрэндээ өдсөн тэр өдөр. Дараа нь би ангиасаа гарч байхдаа нөгөө охиныг сүрхий ташаагаа тулаад зогсчихсон байгааг олоод харчихлаа. Хүнтэй хэрүүл хийгээд зогсож байснуу яасан мэдэхгүй, гэхдээ тэр зогсолтыг нь хараад яагаад ч юм миний аймар хайр хүрч байсан. Тэдний гэр тоггүй, манайд ирж зурагт үздэг боллоо. Харин би орой болгон түүнийг гэр лүү нь хүргэж өгнө. Тэгж хүргэж өгч байгаад нэг л өдөр би гэртээ ирээгүй, тэднийд хоночихсон. Тэднийд очдог болчихсон байж байгаад нэг өдөр ээжид нь баригдчихлаа. Би үерхдэг хүүхэд нь энээ тэрээ гээд ээжид нь үнэнгээ хэлсэн. Тэгсэн ээж нь надад тэгж хэлсэн юм “За энэ хүүхдийн аав нь саяхан өнгөрсөн. Ганц хайрладаг хүн нь. Чи миний охиныг гомдоохгүй насаар нь хайрлаад явж чадах юм уу” гэхээр нь би “Би чадна. Охиныг тань авч сууна. Би салахгүй гэж хэлсэн”. Тэгээд л 17н насандаа учирсан түүнийгээ би амласан ёсоороо эхнэрээ болгон ханилсан юм. Цэргийн алба хааж ирчихээд би цахилгаан станцад нэг компанид туслах ажилтнаар ороод 3н сар ажиллаад гагнуурчин мэргэжилтэй боллоо. Ажил маань өвөл түр зогсдог. Тэр хооронд нь спортоо хаяхгүй бэлтгэл хийж, тэмцээн уралдаандаа ч орно. Манай ажил 5н хоног амарчихсан байлаа. Тэр үед миний машин эвдэрчихсэн байсан юм. Нагац ах нар маань самранд явах их ашигтай байсан талаар яриад байхаар нь хамт явж үзэхээр боллоо. Мөнгө олж машинаа засуулах л санаатай. Өглөө 7 гээд бүгдээрээ Төв аймар руу зүглэсэн. Ууланд очоод би самар хайгаад гүйгээд л байлаа. Нэлээн хад асгатай газар. Нэг хадан дээр гараад харсан чинь тэр доор аймар бүдүүн тэгснээ ихэр сагсайсан их самартай мод байна. Авирч гараад самарнуудыг зөндөө унагаж байгаа юм чинь. Мөчирнийх нь уган дээр гишгээд нөгөө модоо тэвэрч байгаад самраа унагааж байсан чинь Пүн! гээд л явчихсан. Тэнгэр, ой мод нүдэнд эргэлдэж харагдаад л би газар Пан! гээд л унасан. Үнэндээ надад их зөөлхөн унасан санагдсан. Нээх хөөрхөн эвтэйхэн уначихсан юм шиг. Тэгээд дээшээ хараад хэвтэж байсан чинь нэг юм намайг чанга дуугаар загнах нь яг сонсогддог юм “Чи энд яах гэж ирсэн юм бэ? Гэр бүлтэйгээ гэртээ байж байхгүй. Чи яах гэж ирсэн юм” гээд аймар загнасан. Би өөрөө өөртөө тэгж бодоогүй, бас миний эргэн тойронд хүн ч байгаагүй. Бүр яг нэг хүн загнаж байгаа юм шиг надад хэлж байгаа юм чинь. Бодвол би яг догшин модон дээр нь оччихсон байх. Удалгүй хамт байсан хүмүүс минь намайг хайж олж ирээд босгох гэсэн би доошоо нугдайгаад уначихсан. Намайг эмнэлэгт аваачихдаа хагалгаа хийлгэхийн тулд байшин дээрээс унасан гэж хэлсэн. Яагаад гэвэл самар түүдэг хүмүүс нэр хүнд муутай, байгаль орчин сүйтгэдэг гээд хагалгаа хийлгэхгүй зүйл байдаг юм байна л даа. Хоёр талын хавирга, эгэм, нуруу хамаг юм хугарчихсан. Эмнэлэгт 2 хоног шокийн байдалтай хэвтэж байгаад нэг сэрсэн чинь баахан нуруу нь хугарсан хүмүүстэй нэг тасагт орчихсон байна. Хүн уг нь бэртээд сэтгэлээр унаад сонин байдаг шдээ. Надад огт тийм зүйл байгаагүй. Бэртсэнийгээ юман чинээ бодохгүй, удахгүй зүгээр болчих байхөө гээд л үнэн цоглог хөзөр тоглосон шигээ. Хөл ямар ч мэдээгүй болчихсоныг мэдээд байгаа юм. Эмч одоо удахгүй мэдээ орчихноо л гэж байна. Эмнэлгээс гараад 3н сар гэртээ хэвтлээ, байхгүй. 6н сар хэвтлээ бас л мэдээ байхгүй. Намайг бэртэхэд хүү маань ой 5н сартай жаахан байсан, удалгүй охин маань төрсөн. Би өөрөө асаргаанд орчихсон. Эхнэр маань 3н хүн зэрэг асарч байлаа. Хавирганууд маань хүртэл эдгээгүй, би хэзээ босохоо мэдэхгүй. Тэгж байж байгаад би гэмтлийн эмчтэйгээ холбогдож ярилцаад ерөөсөө гэртээ өөрөө зогсдог болоё гэж бодлоо. Би чинь гагнуурчин байсан. Урт турба холбож гагнаад гэртээ алхдаг юм хийчихсэн. Өглөө босоод тэрэн дээрээ 2,3н цаг эхлээд зогсоно. Тэр 2 төмрөн дундуур алхаж чадахгүй ч хөлөө чирээд явна. Заримдаа гар цуцаад нурж унах үе ч зөндөө. Хөл дээрээ зогсох л хамгийн гол зорилго маань. Зүүн хөлний доор хатуу буглаатай юм гарчихсан. Тэр нь ердөөсөө эдгэж өгөхгүй. Бусдаар бол хөлний булчин сэргээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л гоё. Тэгж явсаар баруун хөлний эрхий хуруу хөдөлдөг боллоо. Удахгүй хөл дээрээ босох нээ гэж баярлана. Нөгөө эдгэхгүй байсан шарх маань ч гэсэн цэвэрлээд байсан чинь гайгүй болчихсон харагдав. Нэг өдөр шархаа цэвэрлэдгээрээ цэвэрлээд байж байсан чинь цаашаагаа Пөг гээд онгойгоод орчихдог юм. Гаднаасаа гайгүй харагдаад байсан шарх маань үнэндээ цаанаа хөндий болоод бүр үүр үүсчихсэн байв. Эмнэлэгт очтол эмч сувилагч нар миний төлөө чадахаараа шуурхай ажиллаж эхэлсэн. Нэг мэдсэн хөл маань аймар том болчихож. Би хөлөө харж шоконд орохын зэрэгцээ бас халуураад л. Надад юу орж ирсэн бэ гэхээр би дээшээ хараад хэвтэж байсан чинь нэг хүн толгой дээр тоолоод л байна “За одоо 10 тоолоод унтуулна шүү” л гэж байна. Хальт харсан чинь баахан хагалгааны гэрэлнүүд өөдөөс тусаад, миний зүүн хөлийг нэг эмч өргөчихсөн ‘За яг энүүгээр тайрна шүү” гээд зурчихсан байв. Нэг сэрсэн чинь хөл байхгүй. Дотор муухай оргиод бөөлжих гээд болдоггүй, харсан чинь сэхээний л өрөөнд байх шиг байна. Би тэр шөнө үхэх өндөр магадлалтай байсан гэсэн. Ээж эмчээс “Хөлийг нь тайраад ч хамаагүй хүүгийн минь амийг авраач” гэж гуйсан байв. Зөвлөх эмч маань намайг найдлагагүй болчихсон шүү гэж хэлсэн. Харин хагалгааны эмч болохоор “Энэ залуугийн хоёр хүүхэд нь коридорт тоглоод л гүйгээд байна. Амийг нь аврая. Залуу хүүхэд зүрх нь зогсохгүй ээ” гэж хэлээд шууд хагалгааны өрөөнд оруулж. Миний гуяны ард талын махыг зүсээд, эдээ бээрийг нь гоожуулаад, хүн үнэрлэхийн эцэсгүй өмхий байсан ч хөлийг минь нэлээн үзэж байгаад тайрахаар шийдсэн байсан. Дунд чөмгөөрөө хөлөө тайруулаад, аймар оёдолтой байсан ч би цоглог хэвээрээ л байлаа. Тэр үед яг хөл бөмбөгийн дэлхийн аварга болж байсан юм. Шөвгийн найм эхэлчихсэн. Би үнэхээр тамирдчихсан, аягаа ч дийлэхгүй шахуу байж эмчийг орж ирэхээр нь “Эмчээ би дэлхийн аварга үзэж болох уу” гэж асууж билээ. Зурагт коридоорт байсан байхгүй юу. Эмч бүр гайхаж байгаа юм чинь. Би зүгээр л дэлхийн аварга үзмээр байсан. Нэг хөлтэй ч гэсэн таяг тулаад явж болно байх даа гэсэн шүү юм бодсон шигээ. Эмнэлгээсээ гарлаа. Яг наадмын үеэр. Найзуудтайгаа нийлээд наадамлаад байгаа юмаа бас. Агаарт аймар гоё байж байснаа очиж боолтоо хийлгэчихээд шууд найзынх руугаа Заамар луу давхичихсан. Тэгээд л гэртээ дэмий хэвтэхгүй явсаар байгаад тэр том шархаа аймар гоё эдгээчихсэн. Гэтэл удалгүй дахиад л халуураад эхэллээ. Эмч дээрээ очсон чинь жаахан юм үлдчихсэн байна гээд доошоо мэдээ алдуулж байгаад дахиад хэсгийг ухаж авав. Дуусаад дуслын системний гуурсаар тэр хэсгийг оёсон, зүгээр мэс заслын утсаар оёхоор задарчихаад байсан юм. Тэгээд би гэртээ хэвтлээ. Эмнэлэгт боолт хийлгэх гээд хүнээр өргүүлээд очсон чинь нөгөө дуслын системний гуурс тас. Дийлэхгүй бас задарчихаж байгаа юм. Шууд л эмнэлэгт хэвтэхээр болов. Яг ажил тарахын үед байсан юм. Намайг бие засуулахын тулд усан клизм тавьсан. Тэгсэн бие засахад минь тусалж байсан сувилагч маань алга болчихсон, намайг нойлд үлдээгээд. Би хүлээгээд л байсан, хүлээгээд л байсан. Байхгүй. Ажлаа хаяад явчихсан. Зөндөө удаан хүлээгээд хэн ч ирэхгүй болохоор нь За больёоо, босоё гээд тэр хавийг өөрийнхөө чадахаар арчиж цэвэрлэчихээд өрөөндөө ороод хэвтчихлээ. Тэгсэн тун удалгүй аймар халуураад эхлэв. Бүр тэсэхийн аргагүйгээр. Миний аман дээр “Эмчээ би одоо яг барахгүй юм байна. Намайг үүрд унтуулаад өгөөч” гэсэн үг яг гарч ирчих гээд. Шарханд минь бохир орчихсон байлаа. Нөгөө бие засуулж байсан сувилагч маань шархны боолт авчихсан бие засуулж байгаа шүү дээ, тэгээд тэндээс усан клизм нь үсэрч мүсрээд л бохир нь орсон юм уу даа. Бактерлогийн шинжилгээнд орсон чинь халдвартай гэж гарч ирж байна. Яс руу орчихсон байна гээд сүүжний яснаас тайрахаар болов. Би эмчдээ “Би дахиж наркозонд ормооргүй байна. Тэртээ тэргүй доошоо мэдрэлгүй болчихсон юм чинь шууд орчихоё” гэж хэллээ. Маш олон наркозонд орчихсон байсан болохоор дахиад орвол орон гаран тэнэг болчих юм шиг санагдаад байсан юм. Эмч маань “За чамайг жоохон л Ёо гэж дуугарвал шууд наркоз хийнэ шүү” гэсэн болзолтойгоор саналыг минь зөвшөөрлөө. Тэгээд миний дээр нэг дөрвөлжин юм тавингуутаа цагаан даавуугаар бүтээчихсэн. Тэр доор хөл тайраад хөрөөдөөд байгаа, махыг нь таслаж байгаа нь надад бүгд мэдрэгдэж байгаа юм чинь. Тас няс гээд л ясны хэлтэрхийнүүд ийш тийшээ үсрэнэ. Байсхийгээд л цусыг минь төхөөрөмжөөрөө соруулж авна. Хөрөөдөхөөр нь бие дагаж салгалж хөдлөөд л. Сонин чимчигнэсэн мэдрэмж төрөөд байсан. Хагалгаа ч амжилттай болж дахиад гоё оёууллаа. Даанч дахиад л оёдол зад. Хүний арьс мянга сунадаг ч яг суугаад дардаг, хөдөлдөг хэсгээрээ бол задарчихаад байдаг юм байна. Өөх, мах маань ил алаглаж харагдаад л. Одоо бол өөрөөр нь л арьсаа төлжихийг хүлээхээс өөр аргагүй болов. Би энэ бүхнийг дараа цоглог хэвээрээ л байлаа. Тэргэнцэртэй иргэдийн групп дээр Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүмүүст туялзуур сэлэмний спортоор хичээллэх клуб нээгдлээ гээд нэг зар тавигдчихсан байна. Эмнэлэгт байсан болохоор тэрийг нь сонирхоод ютубэ дээрээс тэр спортын бичлэгнүүдийг үзсэн их таалагдав. Эмнэлгээс гарангуутаа шууд л тэр клуб руу давхиад очсон. Нөгөө том шархаа бүр тоохгүй.

Тэгээд очоод тулаан хийгээд үзсэн чинь бүр яг л миний спорт мөн байна. Би шууд л энэ спорт руу эргэлт буцалтгүйгээр орсон. Тэрнийхээ бэлтгэлд явсаар байгаад шархаа ч гоё цэвэрхэн эдгээчихсэн. Энэ бүх хугацааны туршид би огтхон ч сэтгэлээр унаагүй байж байгаад ганц л удаа нэг эвгүй юм болсон нь. Цэцэрлэгт хүрээлэнд охиноо хоосон хөлнийхөө зайд суулгаад тэргэнцэртэй явж байсан чинь бусад хүүхдүүд тэрийг нь харж барьцаад би энэ хүүхдийн оронд энэ ахтай ингэж сууж явмаар байна гэж уйлцгаагаад, аав ээж нь болдоггүй юм гээд тайлбарласан ч гэсэн хүүхэд л болсон хойно бүр барьцаад болохгүй. Би охиноо буулгаад тэр 2 хүүхдийг суулгаад цэцэрлэгт хүрээлэнгээр жаахан явж санааг нь амрааж байгаа юм л даа. Яг тухайн үед л би шархаа илүү эртнээс мэдээд арга хэмжээ авчихсан бол хөлтэйгөө байхгүй юу гэж маш их харамссан. Зурагнуудаа харахаар ч гэсэн 1 хөл байхгүй байхаар хоосон оргиод нэг л муухай эвгүй. Гоо зүйн талаас нь би санаа зовоод хиймэл хөл судласан ч гэсэн надад бөгс гээд байх юм үлдээгүй болохоор хиймэл хөл угаасаа тогтохгүй. Тэгээд л би бүгдэнтэй нь эвлэрсэн. Яаж ч харамсаад хөл маань буцаад ургах биш дээ гэж бодсон юм. Туялзуур сэлмээрээ анхныхаа тэмцээнд ороод хүрэл медаль авлаа. Дараагийн тэмцээндээ ороод бас хүрэл медаль. Уг нь бэлтгэл хийж байхад аймар гоё болоод байдаг тэгсэн мөртлөө тэмцээн болохоор ерөөсөө түрүүлэхгүй. Тэгэхээр би дараагийн том тэмцээндээ сэтгэл зүй бүх юмаа маш хичээнгүйлэн бэлдэв. Би чинь аймар шартай хүн. Тэгээд би тэр тэмцээндээ эхний байрыг эзлэж чадсан. Тэрнээс хойшоо дараагийн тэмцээнүүдэд ч түрүүлж чансаагаа хангав. Монголд одоо тэргэнцэртэй туялзуур сэлэмний анхны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Тэрэндээ амжилт үзүүлчихвэл би Олимпод оролцоно гэсэн өөрийнхөө хамгийн том зорилго руугаа маш том урагшланаа гэсэн үг. Өөрийнхөө ангилалын хүмүүсийн тулалдаж байгаа бичлэгийг харахаар бүр үнэхээр санаанд багтаад байгаа юм. Би бэлтгэлээ л сайхан чамбайруулчихвал олимпоос Монгол улсдаа медаль аваад ирчих боломж харагдаад л байгаа. Амьдралын маань бүх л үед спорт байсан, би спортыг хэзээ ч хаяж чадахгүй. Аав маань намайг зоддог байсан нь баргийн хүнд хэцүү зүйлийг давах сэтгэл зүйтэй болгочихсон гэж боддог юм. Харин спорт бол намайг төлөвшүүлж, тэвчээр хатуужилтай болоход маань маш том нөлөө үзүүлсэн. Би хөлтэй байхдаа хүрэхэд хол байсан Олимп руу, хөлгүй болоод одоо зүтгэхэд илүү ойрхон боломжтой санагдаад байгаа. Хүн тэргэнцэртэй байсан ч юунд хүрч чадах боломжтой байдгийг бүгдэд нь харуулахыг хүсч байна.

Related Articles

Back to top button